04 сарын 20, Бямба
USD    3,376.74 ₮EUR    3,598.25 ₮JPY    21.86 ₮GBP    4,203.70 ₮RUB    36.07 ₮CNY    466.36 ₮KRW    2.45 ₮

“СУПЕР” сартай шөнө тохионо

Нийтэлсэн: D1 2018/01/30 08:50

Маргааш буюу 01 сарын 31 -ны орой байгалийн ховор үзэгдэл тохионо. Энэ үдэш манай дэлхийн дагуул сар дэлхийд хамгийн ойр цэгт хүрэх юм. Мөн энэ өдөр сар бүтэн хиртэнэ. Ийм хоёр үзэгдлийн давхцал 152 жилийн дараа дахин тохиолдож байгаа юм.

Сүүлийн хоёр сарын хугацаанд гурван удаа супер сар (хамгийн том тэргэл сар) тэнгэрт үзэгдэж байгаагийн сүүлчийнх нь энэ болох гэнэ. Өмнөх нь арванхоёрдугаар сарын 3, нэгдүгээр сарын 1-нд тус тус үзэгдсэн. Нийтэд нь эдгээрийг “Супер сарны гурвал” гэж астрономичид нэрлэж байгаа. Супер сар нь ердийн үеийн сарнаас 14 хувь том, 30 хувь хурц гэрэлтэй байдаг ба дэлхийг тойрон эргэхдээ дэлхийд хамгийн ойртож ирэх үед үзэгддэг.

Сар хиртэх үзэгдлийг зүүн Азиас эхлэн Номхон далайн дагуу, хойд Америкийн баруун эрэг хүртэл бүс нутагт амьдардаг хүмүүс бүтэн харах боломжтой. Тодруулбал Монголчуудад ч ийм аз тохиож байна.
Сар хиртэх үед сар нь харанхуйлахгүй, харин улайх юм. Учир нь нарны гэрлийн тусгалд дэлхий саад хийх хэдий ч дэлхийн агаар мандал нарны гэрлийг хугалж саранд хүргэхдээ ийм улаан туяа тусгах гэнэ.

Тиймээс хиртсэн сарыг “Цусан сар” гэж нэрлэх нь бий.

Супер, бас цусан улаан сарыг ажиглах хамгийн тохиромжтой цаг нь сар ургах болон шингэх үе ажээ. Учир нь энэ үед сар тэнгэрийн хаяанд байж, уул, байшин барилга зэрэг бусад биеттэй харьцуулагдах боломжтой байдаг тул том хэмжээг нь харсан хүмүүс илүү мэдэрдэг ажээ. Энд холбосон интерактив газрын зургаас сарны хиртэлт дэлхийн аль цэгээс бүрэн харагдахыг мэдэж болно.Байгалийн гайхамшигт үзэгдлүүдээс нар, сар хиртэхийг хамгийн сонин нь гэдэг. Гэхдээ шинжлэх ухааны ачаар хүмүүс сансрын эрхэс яагаад “нуугддаг” болохыг мэддэг болсноор ийм үзэгдлийг гоц гойд зүйл хэмээн хүлээн авахаа больсон нь ч бий. Гэсэн ч эл үзэгдлүүд хүмүүний анхаарлыг татсаар байгаа юм.

Ирэх онд нар, сарны хиртэлт таван удаа болох нь. Тэдгээрээс гурав нь нарных, хоёр нь дэлхийн дагуулынх байх талаар олон улсын одон орон судлаачид мэдээлжээ. Ирэх жил одон гаригийн үзэгдлийн нээлтийн “жүжгийн” хөшгийг саран авхай татна. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр сарын 31-нд сар бүтэн хиртэх үзэгдэл болж, 5.17 цаг үргэлжлэх бөгөөд үүнийг Австрали, Канад, Монгол, Хятадын нутгаас энгийн нүдээр илүү сайн ажиглах боломжтой аж.

Үүний дараа буюу хоёрдугаар сарын 15-нд нар бүтэн хиртэнэ. “Галт бөмбөг” дараагийн удаа долдугаар сарын 13, наймдугаар сарын 11-нд тус бүр хагас хиртэх юм байна. Энэ нь Монголын нутгаас мөн л сайхан тод харагдах гэнэ.

Сарны хувьд долдугаар сарын 27-нд хагас “нуугдах” аж. Энэ талаар хүмүүс их асууж байгаа учраас гол үйл явдлуудын болох хугацааг УБ-ын цагаар жагсааж үзүүлье.

• Бүдэг (буюу дан) сүүдэр дайрч эхлэх: 18:50
• Тод (буюу давхар) сүүдэр дайрч эхлэх: 19:50
• Сар бүрэн харанхуйлагдах хугацаа: 20:50 – 22:05
• Тод сүүдрээс гарах: 23:10
• Бүдэг сүүдрээс гарах: 00:10

Өнгөрсөн 8 сарын сарын 7-ноос 8-нд шилжих шөнө сар хагас хиртсэнийг зарим хүн санаж байж магадгүй. Түүнээс хойш дэлхий нарыг тойроод яг «нөгөө талд нь» ирчихсэн байна. Энэ хооронд сар дэлхийг нартай харьцангуй яг 7, ододтой харьцангуй 7.5 тойроод байгаа.

“СУПЕР” сартай шөнө тохионо  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Бямба / 2024-04-20
Бидэнтэй нэгдээрэй!